Орхон аймаг "Бүх хайраа гэр бүлдээ" төсөл хэрэгжүүлнэ
Гэр бүл хүний амьдралын анхдагч орчин, гэр бүлийн харилцаанаас ангид нэг ч хүн оршин амьдрах боломжгүй билээ. Орхон аймагт хэрэгжүүлэх гэж буй “Бүх хайраа гэр бүлдээ төслийн зорилго нь нийгмийн анхдагч орчин гэр бүлийн үнэт зүйл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, үнэ цэнийг бэхжүүлэх, эцэг эх, хүүхэд хоорондын эерэг харилцааг дэмжих юм.
Төслийн хүрээнд гэр бүлийн гишүүн бүрт чиглэсэн олон талт нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буй аж. Тухайлбал, гэр бүл хамтдаа цагаа өнгөрүүлэх боломжийг олгосон гэр бүлийн зуслан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Гэр бүлийн хөгжлийн төвийг бий болгох гэх мэт байна. Мөн нийгмийн анхдагч нэгж гэр бүл рүү чиглэсэн “Бүх хайраа гэр бүлдээ” фестивалийг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.
Статистик тоон мэдээллээс харахад сүүлийн 3 жилд манай аймаг 1000 хүнд ногдох гэр бүл салалтаар улсдаа тэргүүлж явна. Мөн хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага мэдээллийг хүлээн авдаг 108 дугаарын утсанд ирж буй дуудлагын 90 хувь нь хүүхдийн эрх гэр бүлийн орчинд зөрчигдсөн дуудлага эзэлж байна. Цаашилбал, гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл зүйн асуудал гээд гэр бүлийн гишүүн бүрт тулгардаг асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх сургалт, нөлөөллийн ажлыг өрнүүлэх юм. Үндсэндээ бат бөх, эерэг уур амьсгалтай, гэр бүлийн гишүүдийн нэгдмэл байдлыг бий болгох нь “Бүх хайраа гэр бүлдээ” төслийн үндсэн зорилго юм.

